Д.Болдсүх: Ханган нийлүүлэгчийн жишиг компанийн бүтээсэн нь бидний үнэ цэн
September 11, 2024
“Трансвест Монголиа” ХХК-ийн 15 жилийн хугацаанд бүтээсэн үнэ цэнийг Та хэрхэн тодорхойлох вэ?
Манай компани 2009 онд дөнгөж байгуулагдахдаа “Оюу толгой” гэдэг ганцхан том харилцагчтай байлаа. Оюу толгой төслийн ил уурхайд “Комацу” брэндийн техникүүдээ нийлүүлэхэд бүх анхаарлаа хандуулж, мэргэжилтэй боловсон хүчнээ шинээр сургаж бэлтгэн, баг хамт олноо гадаадын мэргэжилтнүүдээр зонхилон бүрдүүлж байсан бол өнөөдөр Монголын үндэсний инженерүүд, нэг үгээр үндэсний боловсон хүчин компанийн маань ноён нуруу, бизнесийн гол тулгуур багана болж байна. Уул уурхайн салбартаа бий болгосон бидний үнэ цэн бол хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжтэй техникийг бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг цогцоор нь харж, ханган нийлүүлэгчийн жишиг компанийг бүтээсэн явдал. Дэлхийн олон оронд “Комацу”-гийн дилер компаниуд хэрхэн ажиллаж байна, тэр стандарт жишгийг Монголдоо бий болгох зорилгодоо хүрч байна. “Трансвест Монголиа” компани урт хугацааны зорилтот хөтөлбөртэй. Тэрхүү хөтөлбөр маань биелж байгаад таатай байна.
Уул уурхайн хөгжсөн улс орнуудад ашиглаж байгаа шилдэг техник, технологиудыг танай хамт олон Монгол Улсад нэвтрүүлж байна. Тодруулбал, тэнд хэрэглэгддэг оношилгооны, засварын багаж тоног төхөөрөмжүүд, нягтлан бодох бүртгэлийн программ, сургалтын хөтөлбөрүүдээс монголчууд суралцаж байна. Энэ бүхэн компанийн соёл болж төлөвшсөнийг харж байна л даа?
Дэлхийн техник, технологийн хөгжлөөс монголчууд хоцроогүй. “Трансвест Монголиа” компанийн хувьд ч Монголын эрдэс баялгийн салбарт компанийн менежментээ амжилттайгаар хэрэгжүүлж, байгууллагын соёлоо хөгжүүлж, төлөвшүүлж байна. Энэ бол манай компанийн өнөөдрийг хүртэл бүтээсэн үнэ цэн юм. “Комацу” брэндийг Монгол Улсад нутагшуулах үйл ажиллагааг бид үргэлжлүүлсэн гэж хэлж болно. Учир нь, 1992 онд “Комацу”-гийн анхны техник манай эрдэс баялгийн салбарт нэвтэрч, уурхайнуудад ашиглаж байсныг дурдах хэрэгтэй. Тэгвэл “Трансвест Монголиа” компани 2009 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Комацу” брэндийг тасралтгүй нийлүүлсээр ирлээ. Чухамдаа Монголын зах зээлд өмнө нэвтэрсэн “Комацу”-гийн нэр хүндийг улам дээшлүүлэх, байр суурийг нь батжуулах, илүү олон худалдан авагч, харилцагчийг бий болгон, эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллахаар зорьж, тэмүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай, Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэдгээрээ бид үргэлж бахархдаг. Монгол орны онцлог, монгол хүний сайн болон давуу тал, соёл, өв уламжлал, түүхийг бид уламжлан хөгжүүлж, дараагийн төвшинд гаргахын төлөө ажиллаж байна. Манай байгууллагын соёл үүнд суурилдаг юм.
“Трансвест Монголиа” ХХК-ийн байгууллагын соёл, хандлага танай харилцагчдад хэрхэн нөлөөлж байна вэ. Харилцагчидтайгаа хамтдаа үнэт зүйл, соёлоо бүтээлцэж байна гэж харж байна. Мэдээж харилцагчдаасаа суралцах, харилцан туршлага солилцох зүйлүүд байгаа, тийм үү?
Сайхан асуулт байна. Монгол харилцагчтайгаа өдөр тутам хамтран ажиллаж байна. Манай компанийн ажлын арга барил, зарчим, ажилтнуудаа байнга сургаж байдаг соёл гээд харилцагч байгууллагуудад аажмаар шууд нөлөө үзүүлж байдаг. Харилцагч байгууллагуудын байгууллагын соёл нүдэн дээр сайжирч байгааг анзаарах сайхан. Цаг төлөвлөлт, ажлын ачааллын хуваарилалт, засварын ажлын төлөвлөлт гээд компанийн үйл ажиллагааны бүх төлөвлөлт гаднын хөрөнгө оруулалттай компанийн соёл, хандлагаар төлөвшсөн хөдөлмөрийн нарийн хуваарийг харилцагчид маань өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа.Монголын онцлогт тохирсон хөдөлмөрийн хуваариар харилцагчид ажлаа маш сайн төлөвлөж чаддаг. Хууль эрх зүй орчны өөрчлөлт, байгалийн цаг уурын давагдашгүй хүчин зүйл, улс төрийн болон сонгуулийн нөхцөл байдал гээд олон зүйл дээр харилцагч байгууллагууд тухай бүрийн онцлогт тохируулан менежмент хийж байдаг. Энэ бүхнийг бид мэдэрч, үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ёсондоо бид өдөр тутамдаа хамтдаа хөгжиж, соёл, туршлагаа хуваалцаж байна.
Ковид цар тахлын хүнд жилүүдийг “Трансвест Монголиа” компани харилцагчидтайгаа хамт, байнгын харилцаа холбоотой байж, бизнесээ хамтран удирдсаны нөлөөгөөр давж гарсан гэж хардаг. Ийм давагдашгүй хүчин зүйлстэй тулгарахад хамтын итгэлцэл, хамтын хүчин зүтгэл, ойлголцол, хүндэтгэл хамгаас чухал байсан нь мэдээж?
Бид урьд хожид үзээгүй цар тахлыг хамтдаа давж гарлаа. Манайх шиг бэлтгэн нийлүүлэгч компаниудад тээвэр, ложистокоос үүдэлтэй хямрал, хилийн томоохон боомтуудын ачаалал, ачаа бараа тээвэрлэлтийн үнийн өсөлт хүндээр туссан. Энэ бүхнийг бид харилцагчидтайгаа хамт туулсан юм. Ковидын хүнд цаг үед уурхай болгон эрүүл мэндийн хэлтэстэй ажилласан. Бид түүнээс суралцаж, компанидаа эмч, эмнэлгийн ажилтнуудтай болсон нь бас нэгэн дэвшил юм.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр зарладаг “ТОП 100” аж ахуйн нэгжээр “Трансвест Монголиа” компани 9 дэх жилдээ шалгарсан. Энэ амжилтын талаар онцлон дурдана уу?
Тухайн жилдээ төлсөн татварын хэмжээ, ажлын байрны тоо, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ашигтай ажилласан гээд бүх шалгуурыг хангаж, “ТОП 100” аж ахуйн нэгжийн жагсаалтад байр ахисаар байна. Манай компани үүсэн байгуулагдсанаас хойших хугацаанд бүх төрлийн татвар хэлбэрээр 200 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Монголын Үндэсний Татварын “А” зэрэглэлийн компани болсон нь бидний амжилт. Ашигтай ажиллаж, улсад төлсөн татварын хэмжээ маань байнга өссөөр байгаа учраас “Трансвест Монголиа” компани байр ахисаар байгаа юм. Мөн дэлхийн хэмжээний зэс, алтны төсөл хэрэгжүүлдэг “Оюу толгой” ХХК-аас олгосон “Шилдэг ханган нийлүүлэгч” шагналаараа бид бахархдаг.
“Ажиллахад таатай байгууллага”-ээр танай хамт олон шалгарсан шүү дээ?
Дэлхийн 92 улсад үйл ажиллагаа явуулдаг “Great Place to Work” байгууллагын “Ажиллахад таатай байгууллага” болзлыг манай компани хангаж, 2023 болон 2024 онуудад жил дарааллан олон улсын баталгаажуулалт гэрчилгээгээ хүлээн авсан. Энэ бол манай компани, манай хамт олонд өгч байгаа том үнэлгээ юм. Ажилтнууд маань ажилдаа сэтгэл тайван ирж ажиллаад, гэртээ сэтгэл хангалуун харьдаг байх нь маш чухал. Удирдлагуудын хандлага, ажлын байр, хамт олны уур амьсгал, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд олон хүчин зүйл ажилтнуудын сэтгэлд хүрч, таатай орчныг бүрдүүлжээ гэж бид хардаг. Энэ бүхнийгээ цаашид хөгжүүлж, “Ажиллахад таатай байгууллага” гэдэг нэр хүндээ улам батжуулах болно.